Нөлөөлөл
“Мартахгүй, давтахгүй” нэртэй хүүхдийн эрхийн жагсаал боллоо
2023-03-21

     Монгол Улсад сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 5152 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 344 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн улмаас 446 хүүхэд амь насаа алдаж, 2158 ураг амьгүй буюу амьсгалах, амьдрах эрхгүй төржээ. Сүүлийн 5 жилийн хугацаанд зөвхөн 0-5 насны 5875 хүүхэд улсын хэмжээнд нас барсан аж. Үүнээс 4794 хүүхдийг 0-1 насны хүүхдийн эндэгдэл эзэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм тоо гэдгийг Лантуун дохио ТББ-ыг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан мэдээлэв.

     2019-2021 онд ахуйн ослоор 157’000 хүүхэд гэмтэж, 447 хүүхэд нас барсан байна. Түүнчлэн 2020-2021 оны байдлаар бэлгийн хүчирхийлэл үйлдэгсдийг авч үзэхэд төрсөн эцэг эх 18, хойд эцэг эх 80, төрөл садан 135, эцэг эхийн танил, найз 99, хөрш 20, огт танихгүй хүн 94 байжээ. Үүнээс үзэхэд хүчирхийллийг ойрын болон төрөл садангийн хүн буюу цоожтой хаалганы цаана үйлддэг байна. Тиймээс Ч.Ганжавхлангийн санаачилгаар "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүд"-ийн эсрэг “МАРТАХГҮЙ ДАВТАХГҮЙ” уриан дор нөлөөлөл хийх, холбогдох төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийг уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх зорилготой жагсаалыг УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-ын гадна талбайд 2023 оны 03 сарын 18-нд зохион байгууллаа. Жагсагчид гэр хорооллын гудамжаар зэрэгцэн алхаж, хүүхдийн зөрчигдөж буй эрхийг хамгаалахыг шаардаж буйгаа илэрхийлсэн юм. Жагсаалд дараах зүйлийг ХОРИГЛОВ

- Санаатайгаар улс төрийн үймээн гаргах

- Тайван жагсаалыг үймүүлэх, өдөөн турхирах

- Хүний эрхийн зөрчлийг уриалах, дэмжих, зохион байгуулах

- Жагсаалын үзэл санаа, бодлогыг гажуудуулах аливаа лоозон уриа хэрэглэхгүй байх