Зөвлөгөө
Д.Одонтуул: Сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээтэй хүмүүс ямар их болсныг тэгэхэд мэдэрсэн
2023-03-15

Хан-Уул дүүргийн II хорооны нийгмийн ажилтан Д.Одонтуултай ярилцлаа. Тэрбээр нийгмийн ажилтнаар 16 дахь жилдээ ажиллаж байна.

-Хорооны нийгмийн ажилтан яг юу хийдэг вэ?

-Хорооны нийгмийн ажилтан нь нийслэл, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэст харьяалагддаг. Төрийн албан зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ажил, үйлчилгээ үзүүлдэг. Нийгмийн ажилтан нь хорооны бусад албан хаагч, дүүргийн мэргэжилтнүүдээс илүү онцлогтой. Тодруулбал, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, тэнсэн харгалзах ял эдэлж буй хүмүүсийг нийгэмшүүлэх, ажилд оруулах, хяналтдаа байлгах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл давтамжтайгаар бүртгэгдсэн айл, архидан согтуурсан иргэдтэй, мөн хүүхдийн 108 дугаарын утсанд ирсэн дуудлагын мөрөөр ажилладаг. Би хамтарсан багийн нарийн бичгээр ажилладаг. Хамтарсан багийн ажлыг нарийн бичиг нь хариуцаж, тайлан, тооцоогоо нийслэл, дүүргийн холбогдох газарт хүргүүлэх, зорилтот айлуудад биечлэн очиж, уулзах, ярилцах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрсдэлийг нь тогтоох ажил хийдэг. Үүнээс гадна ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хүүхэд залуучууд ахмад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэд, эрүүл мэнд, спорт, урлаг, сургалт, тэмдэглэлт өдрүүд нийтийг хамарсан ажлууд хийдэг. Их ачаалалтай ажилладаг.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Заримдаа ачаалалгүй үе бий. Ирсэн хүмүүст зөвлөгөө өгөх, бичиг цаасны ажлаа амжуулах зэргээр тайван суух өдөр байна. Ерөнхийдөө 60 хувьд нь ачаалалтай, 40 хувьд нь гайгүй гэж өөрийнхөө ажлыг дүгнэдэг. Ачаалалтай өдөр жишээлбэл, 108 дугаарын утсанд хандсан дуудлагын мөрөөр ажиллаж байтал 102 утасны дуудлага давтамжтай ирэх тохиолдол бий. Тэнсэн харгалзах ял эдэлж буй иргэд улирал бүр ирж, ярилцлагад орон, мэдээллээ бичүүлж, тодорхойлолт гаргуулж авдаг. Үүнийгээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлдэг. Нийгмийн ажилтан дүүргийн хэмжээнд олон хэлтэс, албатай хамтарч ажилладаг онцлогтой. Жишээ нь, Насан туршийн боловсрол олгох сургалтын төв, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороо, Боловсролын хэлтэс, харьяа нутаг дэвсгэр дэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон байгууллагатай хамтран ажилладаг. Гэнэт судалгаа, сургалт, уулзалт, хурал зарлагдана.

-Хамтарсан багт ажиллаж байсан туршлагаасаа онцолж ярина уу?

-Хамтарсан багийг Монголд нэвтрүүлээд олон жил болж байна. Нэг хүнд кейс хуваалцъя. Гурван хүүхэдтэй, залуухан гэр бүл архины хамааралтай байсан. 2013 оноос хойш зөвлөгөө өгч, тусалж, арга хэмжээ авч, хуулийн хариуцлага тооцсон ч ерөөсөө засраагүй. Архи уулгахгүй байлгах, төлөвшүүлэх талаас нь янз янзаар ажилласан боловч эцэстээ эхнэр, нөхөр нь 2019 онд нас барсан. Дүүргийн Гэр бүл, хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллаж, гурван хүүхдийг нь “Өнөр бүл” асрамжийн газарт хүргүүлсэн.

Хамтарсан багт ажиллах хугацаандаа тухайн үйлчлүүлэгчийн асуудлыг “гал унтраах” байдлаар л шийдэж ирсэн. Яагаад гэвэл бидэнд төсөв, мөнгө байхгүй. 5 сартай нярайг эх нь орхисон байхад памперс, сүүний мөнгийг нь өөрийнхөө халааснаас гаргах жишээтэй. Ингээд дараагийн шатны байгууллага, үйлчилгээнд холбон зуучилдаг. Ингэж үйлчилгээ үзүүлэх нь надад байнга туршлага хуримтлуулдаг.

-Хүмүүс зөвлөгөө, мэдээлэл авъя гэж өөрсдөө таныг зорьж ирэх нь хэр түгээмэл вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хорооны хөгжлийн нийгмийн ажилтан, хамтарсан багийн нарийн бичиг тусдаа өрөөнд ажиллана гэж заасан. Гэвч үүнийг хэрэгжүүлдэггүй. Би өмнө нь нэг цонхны үйлчилгээ буюу иргэний бүртгэл, халамжийн мэргэжилтэн, зохион байгуулагч нартай зэрэгцэн сууж, асуудал тулгамдсан иргэдтэй харьцдаг байсан. Хүний сайн, муу, бүхнийг сонсож байгаа шүү дээ. Заримдаа бусдын хажууд ярихааргүй зүйлийн талаар хорооны Засаг даргын өрөө, байрны гадна, эсвэл коридорт очиж ярилцдаг байсан. 2021 оны сүүлчээс тусдаа өрөөнд ажилладаг болсноос хойш үйлчлүүлэгч их ирдэг болсон.

Хамтарсан багийн зөвлөх, нийгмийн ажлын арвин туршлагатай Нямдорж багштай хамтран сайн үйлсийн ажил хийсэн. Асуудалтай хүүхэд, гэр бүл, ахмад настан гээд хэнийг ч харгалзахгүй бүгдэд нь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэж нэг өдөр зар тавьсан чинь маш их хүн ирсэн. Сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах хэрэгцээтэй хүмүүс ямар их болсныг тэгэхэд мэдэрсэн. Тиймээс дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст хандан, манай хороонд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах төсвийг шийдэж өгөхийг хүссэн. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн орлогч дарга Н.Өлзийхутаг манай хороонд ирж уулзах үеэр сэтгэл зүйч, сэтгэл засалч ажиллуулах санал тавьсан. Үүний мөрөөр өнгөрсөн есдүгээр сард манай хороонд мэргэжлийн сэтгэл зүйч ирж, нэг сарын хугацаанд ажилласан.

Ажлын хэрэгцээгээ мэдэрч, хэрэгтэй ажил, үйлчилгээг санаачилж, дээд шатны байгууллага, удирдлагад санал тавивал ажил хэрэг болж бүтдэгийг залуу нийгмийн ажилтнуудад хэлмээр байна. Манай дүүргийн хэмжээнд ганцхан сэтгэл зүйч ажилладаг байсан. Харамсалтай нь, одоо орон тоог нь байхгүй болгосон. Сэтгэл зүйч маш хэрэгтэй байна. Нийгэм их бухимдалтай, стресстэй байгаа нь илт анзаарагддаг. Тиймээс хороодод бүсчилсэн байдлаар сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай. Харин нэг сайшаалтай зүйл нь сургуулиудад сэтгэл зүйч ажилладаг болсон нь баярлууштай.

“Нийгмийн ажилтны эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин байхгүй”

-Таны ажилдаа ашигладаг хамгийн чухал багаж, хэрэгсэл юу вэ?

-Нийгмийн ажилтнуудад дуу хураагуур өгсөн. Нөхцөл байдлын үнэлгээ хийх стандартчилсан загвар гэж бий. Ярилцлагын тэмдэглэл, кейс нээх, хаах маягт, явцын үнэлгээ зэргийг бүгдийг нь гараар бичдэг. Хэрэв энэ нь цахимжсан бол ярилцлагын явцад дурдсан зүйлсийг хүснэгт бүрд тэмдэглэх нь их хялбар. Гараараа бичдэг учир амжихгүй тохиолдол гардаг. Тиймээс дуу хураагуур ашиглаж, дараа нь дутуу зүйлээ нөхөж бичих байдлаар ажилладаг. Хамтарсан багийн хурлын үеэр мөн үүнийг ашигладаг.

Архидан согтуурсан, орилж хашхичиж байгаа, хэрүүл зодоон үүссэн тохиолдолд би ганцаараа очиж чаддаггүй. Цагдаа өөр газар, өөр даалгавраар ихэнхдээ ажиллаж байдаг учир хорооны хэсгийн ахлагчийг дагуулж очдог.

Өрөөндөө камер суурилуулсан. Тэнсэн харгалзах ялтай хүмүүстэй ганцаараа ярилцлага хийх нь эрсдэлтэй учир би тухайн үйлчлүүлэгчийн зургийг дарж, бичлэг хийдэг.

Нийгмийн ажилтны эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин манайд байхгүй. Бид нарын стандарт зөрчигдөж байгаа. Жишээ нь, 5000-аас дээш хүн амтай хороонд нэг нийгмийн ажилтан ажиллана гэсэн стандарттай. Гэтэл манай хороо 14 мянган хүн амтай байх жишээтэй. Уг нь хуулиар бол гэр бүл, хүчирхийлэл, цагдаа сэргийлэх, дуудлага мэдээллийг хариуцдаг хамгааллын мэргэжилтэн гэж тусдаа ажлын байр байх ёстой. Гэтэл хөгжлийн нийгмийн ажилтанд үүнийг хариуцуулдаг.

-Та мэргэжлийнхээ ёс зүйг хэрхэн баримталдаг вэ?

-Нийгмийн ажилтан мэргэжлийнхээ ёс зүйг маш чанд баримтлах ёстой. Хүний санаа бодлыг гүйцэт сонсож, үйлчлүүлэгчээ хүндэтгэж, үзэл бодлоо тулгаж болохгүй. Үйлчлүүлэгч нарын аль нэг талд нь зогсох ёсгүй. Жишээ нь, эхнэр, нөхөр хоёр маргаж байхад нэгнийх нь талд орж болохгүй. Мөн үйлчлүүлэгчтэй хувийн харьцаа үүсгэж болохгүй. Иргэдийн хувийн нууцыг задруулдаггүй. Хэсгийн ахлагчийг дагуулж явсан тохиолдолд үйлчлүүлэгчтэй ярилцлага хийхдээ тусгаарладаг.

-Та ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Цаг маш сайн баримталдаг. Ажлын цаг дууссан тохиолдолд үйлчлүүлэгчтэй цаг тохирдоггүй. Үнэхээр хүнд асуудал үүссэн тохиолдолд ажлын бус цагаар, амралтын өдөр байсан ч очдог. Мөн үйлчлүүлэгч тохирсон цагтаа ирээгүй тохиолдолд хариуцлагын асуудал ярьдаг.

-Ажлын хүндрэл, бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?

-Бэрхшээл их учирна. Заримдаа миний эрх хэмжээнээс давсан асуудал үүсдэг. Ийм үед өөрийнхөө эрх хэмжээнд шийдэн, дараагийн байгууллагад холбон зуучилдаг. Мөн ажиллах явцад үүссэн хүндрэлтэй тохиолдол, бэрхшээлд дээд шатны байгууллагаас дэмжлэг хүсэхэд үл ойшоовол миний урам маш их хугардаг. Энэ ажлыг сайхан шийдье гэж хичээж байхад дээд шатны шийдвэр гаргах хүмүүс тийм хандлагатай байгааг харахад хэцүү. Ийм үед бодит байдлыг үйлчлүүлэгчдээ хэлж, ярилцана даа.

Нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын шийдвэр шүүхэд

нотлох баримт болдог”

-Та өөрийгөө мэргэжил, карьерын хувьд хэрхэн хөгжүүлдэг вэ?

-Нийгмийн ажилтны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Дараа нь гадаад хэл суръя гэж бодсон. Магистрын зэрэг хамгаалахдаа Японы туршлагыг их судалсан. Японд иргэддээ чиглэсэн үйлчилгээг үнэнчээр, сэтгэлээсээ хийдэг нь таатай санагдсан. Тэр бол хүний төлөө ажилладаг нийгэм. Харин манайд нэг хууль гаргасан ч хөрсөн дээрээ хэрэгждэггүй л байхгүй юү. Японд ахмад настнуудыг асрамжийн газарт байрлуулж, эрүүл мэнд, оюун ухаан, бие бялдрыг нь хөгжүүлэх олон арга хэмжээ, үйл ажиллагаа явуулдаг.

Нийгмийн ажилтнуудад зориулсан маш их сургалт явуулдаг. Гэвч үр дүнгүй. Жишээ нь, эхнэр нөхөр хоёр салж, хүүхэд, эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх үед хорооны хөгжлийн нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын шийдвэр нотлох баримт болдог. Бидний хийсэн нөхцөл байдлын үнэлгээ тэр айлын хувь заяаг шийдэхэд маш чухал нөлөөтэй. Тиймээс хорооны нийгмийн ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, цалин урамшууллыг нь заасан хугацаанд олгох, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах хэрэгтэй. Нийгмийн ажлын орон тоонд мэргэжлийн бус, мэдлэг чадваргүй олон хүн ажиллаж байна.

-Та мэргэжлийнхээ юугаар нь бахархдаг вэ?

-Нийгмийн ажилтан бол буянтай ажил. Зовсон, ядарсан хүүхдэд тусалдаг. Асуудал үүсэн гэр бүлд анхан шатанд зөвлөгөө өгч, амьдралыг нь чиглүүлдэг. Залуучууд баярласнаа илэрхийлдэг.   

-Залуу нийгмийн ажилтнуудад зориулж хэлэх зүйл бий юу?

-Ажлаа хийж дадах, туршлага хуримтлуулах хэрэгтэй. Олон байгууллага, үйлчлүүлэгчтэй ажиллаад ирэхээр асуудлыг яаж шийдэх, дараагийн шатны ямар байгууллагад холбон зуучлах гээд бүгдийг нь сурдаг. Үүнийхээ хэрээр харилцаа холбоо, хамтран ажиллах хүний цар хүрээ тэлдэг.  

 

Ярилцсан Б.Уянга