Норвегийн Олон Улсын Байгууллагын Улаанбаатар хот дахь салбар хариуцсан захирал, МУИС-ийн Социологи, нийгмийн ажил тэнхимийн цагийн багш М.Чанцалсүрэнтэй ярилцлаа.
-Та яагаад нийгмийн ажилтан гэх мэргэжлийг сонгосон түүхээсээ хуваалцана уу?
-Миний үндсэн мэргэжил бол хувцасны загвар зохион бүтээгч. Энэ мэргэжлээр ажиллаж байх явцдаа үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ гэдэг зүйлд их суралцаж үйлчлүүлэгчээ сонсох, харилцах замаар аажмаар нийгмийн ажил руу орсон. Анх гэр бүл зохиогоод хоёр хүүхдээ харж байх үедээ ахмадуудад сайн дураараа зүймэл даавуу урлалын хичээл заадаг байв. Тэгээд л нийгмийн ажил мэргэжилд суралцсан. Би хүүхдэд маш их хайртай. Багшлах нь их сайхан мэргэжил. Нийгмийн ажлын салбарт үндсэндээ бол 21 жил ажиллаж байна. Тэр дундаа яг нарийн мэргэжлээр буюу хүүхэд хамгааллын чиглэлээр 18 дахь жилдээ ажиллаж байна.
-Та ажил дээрээ өдөр тутамдаа ямар үүргүүд гүйцэтгэдэг вэ? Нэг өдрийнхөө ажил үүргийн талаар хуваалцана уу?
-Хамгийн эхэнд ажил дээрээ ирж кофегоо уудаг. Миний хийж буй ажил болгон үнэ цэнийг бүтээдэг гэх бодлыг өөртөө бүтээчихсэн учраас ажилдаа маш дуртай ирдэг. Хэрвээ хүний биеийг нийгэм гэж харах юм бол тэрхүү биеийн бүтэц бүх зүйлийг хөдөлгөгч үе нь нийгмийн ажилтан юм. Тиймээс нийгмийн ажилтнууд бид маш их үнэ цэнтэй. Миний ажил бол олон улсын төсөл хэрэгжүүлэх. Хамгийн анх манай байгууллагын хэрэгжүүлсэн төсөл нь “Хүүхэд гэр бүл” төсөл байсан. Монгол Улсад 1993 оны байдлаар 0-5 насны хүүхэд болон эхийн эндэгдэл маш өндөр байв. Энэ үед Эрүүл мэндийн яамнаас олон улсад хандаж, Монголд эхийн эндэгдлийг бууруулахад мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй гэсэн хүсэлт тавьсны үндсэн дээр манай байгууллага анхны мэргэжилтнүүдээ монгол руу илгээсэн байдаг. Эхний ээлжид эмч нарыг чадавхжуулах, гэр бүлийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашлаад өрхийн амьжиргааг дэмжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, баруун бүсийн аймгуудад хөдөө, орон нутгийн хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах дотуур байрны төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан. Нэг төсөл ерөнхийдөө 10 жил үргэлжлээд хаагддаг.
-Та хийж буй ажлынхаа юунаас нь илүү их баяр баяслыг мэдэрдэг вэ?
-Бүх зүйлийг нийгмийн ажлын нүдээр хардаг болсон. Салбарын захирал хүний нөөц, бүтэц зохион байгуулалт гэх мэтчилэн зүйлд анхаарах ёстой. Гэхдээ зөвхөн хүний нөөц гэдгээр нь хардаггүй. Ажилтны харилцаа, сэтгэл зүй, гэр бүл, хүүхэд чухал гэх өнцгөөс асуудлыг шийдэх хандлагатай болчихлоо. Үүнийг нийгмийн ажлын үр жимс гэж хардаг.
-Танд хийж буй ажлаасаа шантрах, хэцүү санагдах үе байсан уу?
-Нэг их хэцүү санагдсан үе байдаггүй. Бид гарц шалтгаанаа заавал олох ёстой байдаг. Гаргалгааг нь олчихвол ямар ч бодлогыг бид бодож чаддаг. Тиймээс шантрах үе ховорхон. Нэг хэцүү асуудал гэвэл бидэнд хууль, эрх зүйн орчин бүрдээгүй. Яг талбар дээр ажиллаж буй нийгмийн ажилтнуудад мэргэжлийн зааг ялгаа гэх зүйл байдаггүй.
-Нийгмийн ажилтан гэх мэргэжлийг сургуулийн нийгмийн ажилтнаар хардаг хүмүүсийн хэвшмэл ойлголтын талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Энэ бол маш үнэ цэнтэй мэргэжил. Нийгмийн ажилтнаас шүүгчдээс илүү ёс зүй шаарддаг, эмч нараас илүү нямбай гярхай байдал шаарддаг. Мөн бид нараас улс төр, нийгэм, эдийн засгийн маш олон төрлийн мэдлэгтэй байхыг шаарддаг. Эндээс л нийгмийн ажлын үнэ цэнтэй байдал харагддаг. Үүнийгээ бид ойлгуулах хэрэгтэй.
-Та нийгмийн ажлаар сурч буй, сурахаар төлөвлөж буй оюутнуудад өөрийн зүгээс зөвлөгөө өгнө үү?
-Нийгмийн ажил мэргэжлийн хамгийн гоё зүйл нь бүх зүйлийн хооронд холбоо тогтоогч юм. Бид замыг товчилж гүүрээр гарах дуртай шүү дээ. Бид бол тэрхүү гүүр нь бөгөөд асуудлыг давж гарахад нь тусалдаг. Гүүрэнд стандарт гэж байдаг шүү дээ. Бидэнд ч тийм стандарт гэж бий. Ёс зүйн хэм хэмжээг баримтлах, шударга ёс, хүний эрхийг дээдлэх гэх мэтчилэн. Тийм учраас нийгмийн ажил нь хүнд хувь хүний үнэ цэнийг, нийгмийн үнэ цэнийг ойлгуулдаг. Энэ мэргэжлээр ажиллахын давуу тал нь чи өөрийгөө барьж босгож чадна гэсэн үг. Мэдээж бэрхшээл байгаа шүү дээ. Нийгмийн ажил бол өргөн хүрээтэй макро түвшний мэргэжил учраас олон талбарт хөрвөж ажиллаж болно.
Хоёрдугаарт, ялангуяа талбар дээр, гүйцэтгэх түвшинд ажиллах үед удирдлагын дэмжлэг маш чухал. Үүнийг Өмнөговь аймгийн жишээнээс харж болно. Аймгийн хэмжээд 104 нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Тэнд цалин хөлсний талаарх асуудал яригддаггүй. Учир нь аймгийн бодлого хариуцсан удирдлага нь нийгмийн ажилтан хүн байсан. Тиймээс нийгмийн ажилтны өнцгөөс харж асуудлуудыг нь шийдээд өгчихсөн байгаа юм. Нийгмийн ажил гэдэг бол нийгэмд үнэ цэнийг бүтээдэг зүйл.
Ярилцсан: Халиунаа


