Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг ажилладаг олон төрийн бус байгууллага бий. Тэдний нэг бол "Хөөрхөн зүрх" төрийн бус байгууллага бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм, сэтгэл зүйн тусламж үзүүлэх зорилготой. Тус байгууллагын үүсгэн байгуулагч, ерөнхий зохицуулагч, нийгмийн ажилтан Б.Оюундарьтай ярилцаж, түүний ажил мэргэжил, туршлага, амьдралын үнэт зүйлсийн талаар хуваалцлаа.
Баянбаатар овогтой Оюундарь нь 2005 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг нийгмийн ажлын бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 2021 онд "Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг хэрхэн сэтгэцийн гэмтэлд суурилсан аргачлалаар үзүүлэх вэ?" сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ. Тэрээр 20 жилийн турш хүний эрхийн чиглэлээр ажиллаж, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдөд нийгмийн ажлын туслалцаа үзүүлсээр ирсэн байна.
Та өөрийнхөө үүсгэн байгуулсан “Хөөрхөн зүрх ТББ”-ын талаар танилцуулна уу?
Би анх "Хүчирхийллийн эсрэг үндэсний төв"-д ажил мэргэжлийн гараагаа эхэлж, 2012 онд хоёр сэтгэл зүйч, хоёр нийгмийн ажилтантай хамтран хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилготой "Хөөрхөн зүрх" төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Одоогоор 13 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 300 хүүхдүүдэд урт хугацааны, мэргэжлийн клиник үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.
Та яагаад нийгмийн ажилтан гэх мэргэжлийг сонгосон түүхээсээ хуваалцана уу?
Миний мэргэжлээ сонгосон шалтгаан их сонирхолтой. Нийгмийн ажил анх 1997 онд үүссэн. Тухайн үед аав намайг дагуулаад хэдэн сургуульд конкурс |шалгалт| өгүүлсэн. Анх компьютер дизайн, PR чиглэлээр суралцах сонирхолтой байсан ч аав маань нийгмийн ажлыг сонгочих хорооны засаг дарга болно гэж хэлэхээр дарга, эрх мэдэлтэй гээд сонгож байсан. Эхэндээ энэ мэргэжилд дур сонирхолгүй байсан ч хоёрдугаар курсынхаа зун хүүхдийн зусланд багшаар дадлага хийх үеэр хүүхдүүдтэй ажиллах хүсэл эрмэлзэл нь төрж, улмаар мэргэжилдээ дурлаж гуравдугаар курсээсээ ангийн дарга болсон.
Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Өдөр тутамдаа хийдэг зүйлсээ ярина уу?
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монфеминент, Гүнж төв гэх 3 байгууллагад ажиллаж, олон кейс хариуцсан ирсэн туршлага маань "Хөөрхөн зүрх"-ийг байгуулахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Бид анх сайн дураараа үйлчлүүлэгчид ажиллаж, үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг үнэлэхээс эхлээд цагдаагийн газар мэдүүлэг өгөх, 3 шатны шүүх хуралд оролцох, хүчирхийлэл үйлдэгчтэй нүүр тулах ,СЭМҮТ дээр очиж хохирогч хүүхдүүдтэй хамт тестэнд оролцох гээд нийгмийн ажлын бүхий л үйлчилгээнд ганцаараа ажилладаг байсан. Харин 2018 оноос ажлын албатай болж, мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай болсноор би кейс менежерийн үүргийг гүйцэтгэх болсон. Эмнэлэг, цагдаа, шүүх, сургууль, хороо гээд бүх салбарын асуудлыг ерөнхий томоор харж нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид чиглүүлэг өгөн ажилладаг байлаа. 2023 оноос хойш кейс менежрийн ажлыг нийгмийн ажилтандаа хүлээлгэнд өгч, ерөнхий зохицуулагчийн албан үүргийг гүйцэтгэж санхүү мөнгө, хүний нөөц, төсөл хөтөлбөрүүдийг анхааран ажиллаж байна
Таны сэтгэлд хамгийн тодоор үлдсэн мартагдашгүй түүхээ хуваалцаач
Олон жилийн турш ажиллахдаа хамгийн их сэтгэлд үлдсэн кейсүүдийн нэг нь хойд эцгийнхээ хүчирхийлэлд өртсөн долоон настай, таван настай хоёр охины хэрэг байсан. Хойд эцэг болон охидын ээж хамтран амьдраад хоёр хүү төрүүлж дөрвөн хүүхэдтэй байсан. Охидын ээж цагдаад мэдэгдсэн ч нотлох баримт байхгүй гээд хэрэг үүсгээгүй. Гэхдээ охидууд нэг нэгнийхээ гэрч болж байсан тул хэрэг үүсгэж 8 жилийн хорих ялаар хариуцлага тооцуулж, ээжийн эцэг эх байх эрхийг түтгэлзүүлэн, хоёр охиныг асрамжийн газарт байлгахаар шийдвэр гарсан. Энэ хооронд ээж дахин өөр хүнээс жирэмсэн болж нэг охин төрүүлсэн. Харамсалтай нь хүчирхийлэгч хорих байгууллагаас суллагдсаны дараа дахин хоёр хүү , нэг охинд хүчирхийлэл үйлдэж 13 жилийн хорих ял авсан. Мөн л адил хоёр хүү асрамжийн газар очиж, охин нь хоёр эгч дээрээ очсон. Одоо охидууд 15,17 настай болсон.
Та ажлаасаа шантарч, хэцүү санагдах үедээ хэрхэн даван туулсан бэ?
Үнэт зүйл, итгэл үнэмшил. Бид нар нийгмээ өөрчлөх ёстой. Ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогчтой ажиллаж байгаа тохиолдолд өргөс авсан мэт нэг хоёр сарын дараа өөрчлөлт гарахгүй ээ. Бид соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, нөлөөлөх гээд явж байгаа нь байнга багаар засагдаад 5, 10 жилийн дараа үр дүн гарна гэж итгэж байна.
Итгэл үнэмшилээс гадна хамт олон их чухал. Итгэл үнэмшил нэгдсэн хамт олон, хүрээллээ зөв олоорой гэж хэлье. Бие биенээгээ хүндэлдэг ойлгодог хамт олонтой болох чухал.
Шинээр ажлын байран дээр гарч буй залуусад хандаж хэлэх зүйл байгаа юу?
Байгаа. Байлгүй яахав.
Үзэл бодол, үнэт зүйлийн хувьд зөрчилтэй гэр бүлийн хүмүүжил, соёл, боловсролын хөтөлбөрийн агуулга тодруулбал эцгийн эрхт ёсны соёлоор бичигдсэн боловсролын агуулга, багш нарын арга барилд хүмүүнлэг биш, ардчилсан биш, эрх тэгш биш, хүн төвтэй биш харилцаа хандлагууд бидэнд бий. Гэтэл бид нар хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүст асуудалд байна гэж үзээд байгаа болохоос хохирогчийн юбкатай байна уу, өмдтэй байна уу огт хамаагүй хүчирхийллийг үйлдэх л гэж байгаа бол асуудал хүчирхийлэл үйлдэгчдэд л байгаа гэдэг хандлагыг ойлгоогүй тохиолдолд асуудал үүссээр л байх болно. Бидний төрж өссөн орчинд бид бусдбн ялгаатай байдлыг хараагүй, ойлгоогүй, өөрөөс нь өөр содон үг хэл, үзэл бодолтой байвал нийгмийн гажуудал, ёс бус гэж хардаг юм байна. Энэ хандлагаа хүлээн зөвшөөрч, итгэл үнэмшилээ өөрчлөх ёстой.
Б.Ганчимэг


