Налайх дүүргийн ГБХЗХХ-т Залуучуудын салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Билгүүнтэй ярилцлаа.
-Танай алба ямар үүрэг гүйцэтгэдэг вэ. Хэдэн гишүүний бүрэлдэхүүнтэй вэ?
-Монгол Улсад 2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан. Энэхүү хуулийн хүрээнд залуучуудын хөгжлийг дараах таван чиглэлд дэмжиж ажилладаг.
1. Хувь хүний хөгжил; 2. Боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан; 3. Эрүүл мэнд; 4. Хөдөлмөр эрхлэлт; 5. Аюулгүй амьдрах, хөгжих орчин.
Энэхүү таван чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол Улсын хуульд 15-34 насны хүмүүсийг залуучууд гэнэ гэж заасан байдаг. Бага, залуу, идэр залуу нас хэмээн ангилж үйл ажиллагаагаа гурван секторт хуваан явуулж байна. Өмнө нь гурван гишүүнтэй байсан. Төрийн хэмнэлтийн тухай хууль гарсны дараагаар цомхотгол хийгдэж, хоёр ажилиантай болсон байгаа. Одоогоор ганцаараа ажиллаж байна.
-Та залуучуудын салбарт ажиллах болсон түүх болон нийгмийн ажлаар суралцахаар сонгосон талаараа хуваалцана уу.
-Би арван жилээ МУИС-ийн харьяа Байгаль эх лицей ахлах сургуулийг төгссөн. 2012 онд найзуудын хамтаар “Бодит мөрөөдөл” ТББ байгуулж байлаа. Тухайн үед нийгэмд үйлчлэх ТББ нэн ховор байсан. ТББ байгуулж, залуучууд өөрсдөө нийгмийн идэвх оролцоотой болж, нийгмийн асуудалд тулгуурлан асрамжийн газар зэрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа идэвхтэй зохион байгуулдаг байсан. Тэр үед нэгдүгээрт урамшиж байсан. Хоёрдугаарт тухайн үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүмүүнлэгийн газар гэж байсан. Тэрхүү газраас “Сайн үйлстэн” гэдэг шагналыг авч байлаа. Улмаар итгэл үнэмшлийг олж авч, би энэ чиглэл рүү ажиллавал илүү тохиромжтой юм байна, энэ нь намайг илүү аз жаргалтай болгоно гэдгийг ойлгож энэхүү мэргэжлийг сонгосон. МУИС-ийн Физик электроны сургуульд Хэрэглээний геофизикийн ангид элсэн сурч байгаад Америкт коллеж төгссөн. 2017 онд Улаанбаатар их сургуулийг Нийгмийн ажил мэргэжлээр, төгссөний дараа Солонгос улсад хэсэг амьдарч байгаад 2019 оноос энэхүү ажлын байран дээрээ тасралтгүй ажиллаж байна. Тэр үеэс өөрийгөө нийгмийн салбарын хүн гэдгээ мэдэрч, амьдралын зорилгоо олж авсан.
-ГБХЗХГ, тэр дундаа залуучуудын салбарын бусад нийгмийн ажлын талбаруудаас ялгарах онцлог юу вэ? Та өөрийн ажлын туршлага дээр үндэслэн давуу болон сул талыг дурдана уу.
-Манай салбар өөрөө Хүүхэд, гэр бүл, залуучуудыг хамруулдаг. Хорооны нийгмийн ажилтан зэрэг бусад ихэнх талбарын нийгмийн ажилтнууд харилцан адилгүй насны бүлгийн хүмүүстэй ажилладаг бол Залуучуулын хөгжлийг дэмжих хуулийн хүрээнд зөвхөн залуучуудтай дээр дурдсан чиглэлийн дагуу ажилладаг гэдгээрээ чиглэл нь илүү тодорхой байдаг. Мөн хувь хүний асуудал гэхээс илүүтэй хүүхэд залуучуудын хөгжил рүү чиглэж ажилладаг нь надад ажлаасаа мэдрэх таашаалыг нэмэгдүүлдэг тул бусад талбараас илүү онцлогтой гэж бодож байна. Хороонд өмнө нь ажиллаж байхад залуу хүний хувьд хар бараан нийгмийн өнгө аястай нүүр тулахад сэтгэлзүйн хувьд хүнд байдаг байв. Дөнгөж сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад их хэцүү талбар гэж боддог.
-Та өдөр тутамдаа ямар ажил үүргүүдийг гүйцэтгэдэг вэ? Ажлын нэг өдрийнхөө талаар хуваалцана уу?
-Сар болгоны төлөвлөгөөний дагуу долоо, долоо хоногоор төлөвлөн ажилладаг. Ихэвчлэн сурагчдын өөрөө удирдах зөвлөл, Хүүхдийн зөвлөл зэрэг ахлах ангийн хүүхдүүдтэй түлхүү ажилладаг. Тэдний хөгжилд чиглэсэн идэвхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Өмнө нь Налайх дүүрэгт Хүүхдийн холбоо, Лидер сурагч гээд хоёр холбоо л үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг байсан бол одоо клубийн зарчмаар маш олон хэсэгт хуваагдаж, тэрхүү клубуудын уялдаа холбоог зангидаж ажиллаж байна. Суурийг нь зөв тавих чухал гэж үзээд тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулдаг. 20, 30 орчим настай залуучуудыг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахад тэдний үзэл бодол хэдийн суучихсан байдаг. Тиймээс хүүхэд байхаас нь нийгмийн идэвх, оролцооны талаар ойлгуулах нь чухал. Хүүхдүүдэд зөв тайлбарлан чиглүүлснээр тэдний нийгэмд оролцох оролцоо, тухайн дүүргийн хөгжил зэрэгт эерэг нөлөө үзүүлдэг. Мөн бусад байгууллагуудтай төлөвлөгөөний дагуу хамтран ажилладаг.
-Та хийж буй ажлынхаа юунд хамгийн дуртай вэ? Юунаас баяр баясал, сэтгэл ханамжийг авдаг вэ?
-Өөрчлөлтөөс нь сэтгэл ханамж авдаг. Өнөөдөр үйл ажиллагаанд оролцсон хүүхэд дараа дараагийн үйл ажиллагаанд ур чадварууд нь нэмэгдэх, магадгүй мэтгэлцэж чаддаггүй байсан хүүхэд мэтгэлцдэг болох, сандардаг хүүхдийн илтгэх урлагийн чадвар сайжирсан байх зэрэг өөрчлөлт гарах нь миний үйл ажиллагааны үр шим. Залуучууд төрийн байгууллагыг заавал хийх ёстой, Монголчуудын амьдрал ахуйг дээшлүүлэх ёстой гэж ойлгоод байдаг. Миний зүгээс залуучуудад “Өөрөө өөрсдөө тухайн нутаг дэвсгэрт аз жаргалтай хөгжиж амьдрах нь та нараас шалтгаална, үүнийг төрийн байгууллага дэмжиж ажиллая” гэдгийг харилцан хэлж байгаа. Үүнээс шалтгаалсан өөрчлөлт, идэвх оролцоо нэмэгдэж, клубүүд, залуучуудын сайн дурын байгууллага олноор үүсэж, тэд өөрсдөө удирдамж, үйл ажиллагаагаа төлөвлөдөг болсон зэрэг ахиц гарч байгаа учраас үүнээс л кайф авч байна даа.
-Та хийж буй ажлынхаа юунд нь дургүй вэ? Таны ажилд тохиолддог асуудал бэрхшээл нь юу вэ? Танд ажлаас халшрах хам шинж илэрч байв уу?
-Ажлаас халшрах хам шинжийн тухайд ажлаа сайн ойлгоогүй, чин сэтгэлээсээ ажиллаж үзээгүй хүмүүст тохиолддог асуудал байх. Аливаа зүйлийг харахдаа би чадахгүй байгаа бол чадах гэж хичээх нь чухал. Тухайн хийж байгаа ажилдаа чин сэтгэлээ зориулж байж үр дүн, кайф гэж зүйл авдаг. Үр дагавар гарахгүй маш олон ажил байвал шантардаг. Үүнээс үүдэн ажлаас халшрах хам шинж илэрдэг. Надад бол тийм тохиолдол байхгүй. Гэхдээ өмнө дурдсанчлан нийгмийн хар бараан зүйлтэй тулж байсан гэсэн шүү дээ. Тухайн үед гэр бүл зохиож шинэхэн аав болж байсан болоод ч тэр үү нэг айлд ороод гарахад өөрийнхөө амьдралыг бодоод сэтгэлзүйн хувьд хүнд тусаж байсан. Өдгөө залуучуудын, нийгмийн сайн сайхны төлөө өөрчлөх, өөрийнхөө хувь нэмрийг оруулах юм сан гэж хичээж ажиллаж байгаа учир дургүй, бэрхшээлтэй зүйлс байхгүй.
-Та ажлаа хийх явцад ямар бэрхшээл тулгамдаж байна?
-Төрийн албаны хүний нөөцийн тогтворгүй байдал асуудал болоод байна. Цалин мөнгөний асуудал, залуучуудын хандлага, тогтворгүй байдал зэргээс үүдэн ажиллах хүчин хомс байна. Залуучуудын олон ажил хийж үзэж тухайн талбар бүрээс суралцах гэсэн хүсэл, нэг талаас өөрийгөө хөгжүүлж байгаа ч нөгөө талаас тавьсан зорилгодоо хүрэхийн тулд энэ ажил чамд ямар үр өгөөж өгөх вэ гэдгээ харж тогтвортой байх нь их чухал. Ганцаараа ажиллаж байгаа, ачаалал их, магистрын зэргээ хамгаалж байгаа зэрэг нь л тулгамдаад байгаа бэрхшээл байна даа.
-Таны бодлоор хүүхэд залуучуудын оролцоо хэр байна вэ?
-Намайг анх ажилд ороход Залуучуудын холбоо, Оюутны холбооны үйл ажиллагаа нь зогссон байлаа. Ганцхан Хүүхдийн холбоо л үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байсан. Хүүхдийн холбоо идэвхтэй 20 хүрэхгүй гишүүнтэй, тэдгээр хүүхдүүд нь тулга тойроод явдаг байсан бол өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд Оюутны холбоо, Хүүхдийн оролцоо байгууллага 10 гаруй, тухайлбал, багадаа 10 гишүүнтэй, Залуучуудын холбоо, Залуучуудын хөгжлийн зөвлөл зэрэг байгууллагууд тус тус үйл ажиллагаагаа идэвхжүүлэн амжилттай зохион байгуулж байна. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Мото сонирхогчдын клуб зэрэг олон клубүүд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тэднийг дэмжин хамтарч ажиллаж байна. Сонирхлын клуб олон болсноор нийгэм хөгжинө гэж үздэг. Иймдээ ч хүүхэд, залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа гэж харж байна.
-Нийгмийн ажилтан болохоор бэлтгэгдэж байгаа оюутан залууст ямар зөвлөгөө өгөх вэ? Хүүхэд хамгааллын салбарт ажиллах хүсэлтэй оюутнууд юунд түлхүү анхаарах ёстой талаар зөвлөөч.
-Өөрөө өөртөөгөө сайн ажиллах хэрэгтэй. Би энэ салбарт тохирох хүн мөн үү? Би нийгмийн салбарын хүн мөн үү, би хүнд туслахын тулд нийгмийн асуудлуудтай тулж ажиллаж чадах уу гэхчлэн өөртөө л үнэлэлт дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ салбарт мэдлэгтэй гэхээс илүү ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ хүмүүс түлхүү ажилладаг. Онолын мэдлэг бол уншаад, ойлгоод авах боломжтой. Харин хэн нэгний төлөө ажлын бус цагаар ч ажиллах тохиолдол зөндөө тул сэтгэлтэй хүмүүс л түлхүү ажилладаг гэсэн яриа бий.
-Нийгмийн ажил мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс ямар үйл ажиллагаа хийгээсэй гэж та хүсэж байна вэ? Цаашид нийгмийн ажлын эрх зүйн орчинд ямар өөрчлөлт гараасай гэж хүсэж байна вэ?
-Төрөөс нийгмийн ажилтнуудад цалин мөнгөний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Миний хувьд залуучуудын үйл ажиллагаанд оролцох боломжтой үе нь ажлын бус цагаар байдаг. Иймээс ажлын бус цагаар тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг тул илүү цагийн нэмэгдэл, цалин хөлсний дэмжлэг ихээхэн чухал байна. Мөн нийгмийн ажил мэргэжлийн нэр төрийг нэмэгдүүлэх хэрэгцээ байна гэж хардаг.
Ярилцсан: Б.Пүрэвсүрэн


