УБТЗ-ын төв эмнэлгийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан М.Жаргалмаатай ажил мэргэжлийнх нь талаар яриа өрнүүллээ.
-Та яагаад эрүүл мэндийн нийгмийн ажилтан болсон бэ? Энэхүү ажлыг хийх болсон түүхээсээ хуваалцана уу?
-Анх нийгмийн ажил мэргэжлийг мэддэггүй байв. Тэр байтугай эрүүл мэндийн салбарт ажиллана ч гэж боддоггүй байлаа. Боловсролын юм уу, нийгмийн ухааны салбарын мэргэжлүүдийг сонирхож байсан ч ээжийнхээ эмч найзын “Нийгмийн эрүүл мэнд бол хөгжиж байгаа салбар, ирээдүйтэй” гэж зөвлөснийг дагасан. Эхэндээ эргэлзсэн ч суралцах тусам мэргэжилдээ дурласан. Учир нь миний хувь хүний зан чанартай тохирсон, үнэт зүйлтэй минь нийцдэг, хүний төлөө гэсэн сайхан мэргэжил шүү дээ. Төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн ч одоог хүртэл шинээр суралцах зүйлс гарч ирээд, уйдах завгүй шинэ сорилтуудтай тулгаран, тэдгээрийг даван туулж, эрч хүч авах нь сонирхолтой шүү. АШУҮИС-д суралцаж, эмнэлгийн халаад өмсөж, өөрийнхөө зан чанар, итгэл үнэмшилд тохирсон мэргэжил эзэмшиж буйгаараа бахархаж байлаа. Заримдаа эмнэлгийн бусад мэргэжилтэн шиг хийх ажил нь тодорхой, гүйцэтгэлийн үнэлгээ нь баригдахуйц байсан бол сайхан даа гэж бодогдох үе бий.
-Эрүүл мэндийн салбарт нийгмийн ажилтан яагаад байх хэрэгтэй вэ?
-Өвчнөөсөө, эрүүл мэндийн асуудлаасаа болж зовж, шаналж буй хүнийг ойлгон, зохистой харьцаж, өөрсдийг нь ойлгож байгааг мэдрүүлэхийн тулд эмнэлгийн мэргэжилтэн нь өвчний биологи, сэтгэл зүй, нийгмийн илрэлд нэгэн зэрэг оролцож, хамтад нь авч үзэхийг чухалчилсан хандлага дэлхий нийтэд түгэн дэлгэрч байна. Орчин үед анагаах ухааны ололт амжилт үсрэнгүй хөгжиж, техник, технологийн чадамж өндөр болсон. Гэсэн хэдий ч өвчин гэдэг ганц бие махбодын хувьд биш, нийгэм сэтгэл зүйн хувьд ч бий болдог зүйл учраас хүнийг, эрүүл мэндийг нь цогц байдлаар нь авч үзэж, эмзэг, өртөмхий, эрсдэлд байгаа хүмүүст хүрч ажиллах, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ нэмэгдсээр байна. Үүнд эмнэлгийн нийгмийн ажилтнуудын хийж, бүтээх ёстой зүйл маш их байна.
Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болох урьдчилан сэргийлэх анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд нь нийгмийн ажилтай хүн амын эрүүл мэнд, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх гэсэн зорилгод нэгддэг учраас нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажил гэдэг чиглэл үүссэн байдаг. Нийгмийн эрүүл мэнд нь ямар чухал салбар болохыг “Ковид-19” цар тахлын гамшиг бидэнд харуулсан. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын зөв хэв маяг, дадал хэвшилтэй байх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх нь иргэн, хувь хүн төдийгүй гэр бүл нийгэм, эдийн засагт хүртэл ямар чухал хүчин зүйл болохыг бага ч гэсэн мэдэрсэн байх. Гэсэн ч бидэнд нийтийн эрүүл мэндийн төлөө эмч, сувилагч, сургагч нар, тархвар судлаачидтай хамт болон бие дааж хийх зүйл их байсаар байна. Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн нийгмийн ажлын интервенц нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт нийгмийн ажилтан ямар чухал үүрэгтэй болохыг удахгүй мэдэрч эхэлнэ гэдэгт найддаг.
-Хувь хүний үнэ цэнтэй мэргэжлийн үнэ цэнэ хэрхэн холбогддог вэ?
-Уулзсан хүмүүс минь бага ч гэсэн сэтгэл санааны хувьд “хөнгөрөөд” буцвал надад таатай байдаг. Нэг тийм хэрэгтэй үед нь хэрэгтэй мэдлэгийг нь өгч тусалдаг ч юм уу. Нийгмийн ажлын тусламж үйлчилгээ яг үүнтэй адилаар бусдад тусалж байна. Арай ч ингээд бүх зүйл дуусаагүй байна шүү гэдгийг мэдрүүлдгээрээ уялдаа холбоотой. Энэ нь надад үнэ цэнтэй санагддаг.
-Та өдөр тутамдаа ямар ажил үүргүүдийг гүйцэтгэдэг вэ? Ажлын нэг өдрийнхөө талаар хуваалцана уу?
-Ихэвчлэн байгууллагынхаа мэдээллийн сувгийг хөтөлж, эрүүл мэндийн мэдээ мэдээлэл түгээдэг. Мөн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгуулж, сургагч хийж, зарим тохиолдолд мэргэжлийн хүмүүсийг холбон зуучилж, цаашлаад зөвлөгч, тусламж үйлчилгээг зохицуулагч, судлаач, нөлөөллийн үүргүүд гүйцэтгэх нь бий. Түүнчлэн олон нийтийг хамарсан өдөрлөг арга хэмжээ, аян, компанит ажил зохион байгуулдаг. Сонинд эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө бичиж өгөн, баримт бичиг боловсруулж, тайлан төлөвлөгөө гаргадаг. Зарим өвчтөнтэйгөө уулзаж, нөхцөл байдлын үнэлгээ хийдэг. Гэхдээ ингэж уулзах нь ховор. Учир нь хөдөө орон нутгаас ирсэн хүмүүстэй хоёр дахь удаагийн уулзалт товлох гэхээр гэртээ харьчихдаг, эсвэл зарим тохиолдолд ирж үйлчлүүлэх, уулзалт хийхэд дургүй байх тал бий.
-Та хийж буй ажлынхаа юунд хамгийн дуртай вэ? Юунаас баяр баясал, сэтгэл ханамжийг авдаг вэ?
-Ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах, тэр нь бусдад хүрэх, үр дүн нь мэдрэгдэх үед баярладаг. Бас баярлалаа гэдэг үг сонсоход хамгийн гоё байдаг. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зүйлийг нь хийж байгаагаа мэдэх тэр мэдрэмж л хамгийн гоё байдаг даа. Нэмж хэлэхэд, эмнэлгийн нийгмийн ажилтан бүлэгтэй ажиллах практикийг хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй, олон хүнд бодитойгоор тусламж үйлчилгээ хүргэх боломжтой санагдсан. Өмнө нь ӨЭМТ, дүүргийн ӨЭМТ-д ажиллаж байхдаа жирэмсэн эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж, ахмадуудын “Зөв амьдрал” гээд дасгал хөдөлгөөн хийдэг бүлэгтэй ажиллаж, өсвөр үеийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сайн дурын болон дүүргийн сэтгэцийн кабинетын дэргэдэх хөнгөн оюуны хомсдолтой хүүхдүүдийн дэмжих бүлгийн уулзалтад оролцож байсан.
-Та хийж буй ажлынхаа юунд нь дургүй вэ? Бэрхшээл их тулгардаг уу?
-Тодорхой биш байдал нь бухимдуулдаг. Тэр нь юу вэ гэхээр дүгнээд гүйцэтгэлээ үнэлүүлэх зүйл байдаггүй. Шалгуур үзүүлэлт ч юм уу, үнэлэмж өгөх зүйл байдаггүй нь бага зэрэг хэцүү санагддаг.
-Нийгмийн ажил мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд төрөөс ямар үйл ажиллагаа хийгээсэй гэж хүсэж байна вэ?
-Мэргэжилтнүүд өөрсдөө нэгдэж, мэргэжлийнхээ үнэ цэнийг бий болгох хэрэгтэй. “Нийгмийн ажил гэх мэргэжлээр сурсан байх шаардлагагүй, сайн дурын үндсэн дээр тулгуурласан ч болох юм биш үү” гэдэг нийтлэг бодлыг нийгмээс авч хаяхын тулд мэргэжилтнүүд өөрсдөө мэргэших, түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн нэр төрийг өндөрт өргөх хэрэгтэй. Төр нь мэргэжилтнүүдийг цуглуулж, асуудал шийдлээ ярилцах боломж олговол сайн. Хэлэлцүүлэг хийх ч юм уу, салбар хоорондын уялдаа холбоог хангах, эсвэл салбар салбараар нь тусдаа ярилцлага хийж байх хэрэгтэй. Яагаад гэвэл нийгмийн ажилтнуудад тулгарч байгаа асуудал иргэдтэй салшгүй холбоотой. Тиймээс асуудлыг нь сонсож, санал бодлоо зөвлөлдөөд, тэрийгээ баримт, бодлого шийдвэрт хүргэж, нөлөөллийн ажил хийх боломж олгох нь л чухал болов уу. Жил бүр дэлхийн нийгмийн ажлын өдрөөр уулзалддаг болбол мэргэжил маань ч илүү хөгжих боломжтой.
-Хүнд кейс дээр ажиллаад дууссаны дараа эрүүл мэндийн нийгмийн ажилтан хүн өөрийгөө хэрхэн нөхөн сэргээдэг вэ? Жишээ дурдаж, бусдадаа арга туршлагаасаа хуваалцвал?
-Ихэнх мэргэжилтэн хувь хүнийхээ стресс менежмент, өөр өөрийнхөө арга барилыг ашигладаг болов уу. Ямар нэг асуудал үүссэн үед бусдад халдаахгүй байхыг хичээж, өөрийгөө хянаж, ойлгож, би яавал ямар байх вэ гэдгээ мэддэг болчихдог. Миний хувьд хэсэг завсарлага авах, ном унших, хөгжим сонсох, ажлын хамтрагчтайгаа зөвлөлдөх, найзуудтайгаа уулзах, тэмдэглэл хөтлөх гэх мэт хувь хүний арга барилаа түлхүү ашигладаг.
-Нийгмийн ажлын энэхүү салбарт ажлын байрны олдоц хэр байдаг вэ?
-Ажлын байр элбэг. Тэр чинээгээрээ хэрэгцээ ихтэй мэргэжил гэдгийг харуулж байгаа.
-Эрүүл мэндийн салбарын баримталдаг зарчим, нийгмийн ажилтны баримталдаг зарчим хоёрын алийг нь түлхүү баримталж ашигладаг вэ?
-Эрүүл мэндийн салбарынхаа зарчмыг түлхүү баримталдаг. Салбараасаа хамаараад өөр өөр байдаг байх. Хоорондоо нийцэхгүй зүйл байдаггүй. Нэг нэгэндээ уусдаг учир ажилдаа аль алиныг нь шингээгээд ажилладаг.
-Энэ мэргэжлээр суралцахад нэмэлтээр өөр юуг түлхүү судлах хэрэгтэй вэ?
-Эмч, сувилагч нар өвчтөний зовуурь, биеийн байдлыг биологийн талаас нь үзэж, оношлоод эмчилгээ, сувилгаа хийдэг. Харин эрүүл мэндийн нийгмийн ажилтан өвчнийг илүү цогц байдлаар нь авч үзэх, нийгэм, сэтгэл зүйн асуудлыг нь оношилж, дэмжлэг үзүүлэхэд сэтгэл судлалын ойлголт, мэдлэг хэрэг болдог. Дан ганц эмнэлгийн орчинд ч биш, ер нь хүнтэй ажилладаг мэргэжилтэн бүрд сэтгэл судлалын суурь мэдлэг хэрэгтэй учраас үүнд суралцах хэрэгтэй.
-Эрүүл мэндийн нийгмийн ажил хэмээх мэргэжлийг сонирхож буй сурагчид, оюутан залууст хандан зөвлөгөө хэлээч.
-Хүнийг хүн ёсоор нь хүндлэх сэтгэлийг өөртөө суулгасан байх нь чухал шүү. Ялангуяа эмзэг, эрсдэлтэй хүмүүсийн асуудал нийгмийн ажилтнуудад нэлээд хамааралтай. Бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан, эдгэшгүй өвчтэй хүмүүс, төрөл бүрийн донтолт, хүчирхийлэлд өртөгсөд гэх мэт. Сэтгэлдээ хүлээн зөвшөөрөөгүй, багтаагаагүй зүйлээ хүн хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Ялгаварлан гадуурхалт байж болохгүй. Энэ нь хүнийг байгаагаар нь, хүн гэдэг утгаар нь хүндэлж харьцдаг мэргэжил учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Өвдсөн, биед нь ямар нэгэн зовуурь илэрсэн үед хүмүүс эмчид очдог. Үүний адил бид нарын үйлчлүүлж байгаа хүн ч гэсэн ямар нэгэн асуудал тулгамдсан үедээ ирдэг учраас сэтгэл зүйн дархлаа их чухал. Үүнд бас суралцаж болдог. Харин энэхүү мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад хандаж хэлэхэд суралцахаа битгий зогсоогоорой. Энэ салбар мэргэжилд өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ мэддэг, мэдэрдэг байгаарай гэж хэлье.
-Мэргэжил нэгтнүүддээ хандан урмын үгээр энэхүү ярилцлагаа өндөрлөцгөөе.
-Бусдын төлөө хийсэн үйлс бүхэн утга төгөлдөр байдаг юм шүү гэдэг гоё үг бий.
Ярилцсан: Энхжин


