Нийслэлийн 48 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн нийгмийн ажилтан П.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр сургуулийн ахлах, дунд ангийн 2100 гаруй хүүхдэд чиглэн ажилладаг, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, эелдэг, нээлттэй хүн байв.
-Сургуулийн нийгмийн ажилтан яг юу хийдэг вэ?
-Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх, хамгаалах асуудлыг хөндөж ажилладаг. Мөн хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын дагуу үйл ажиллагаагаа төлөвлөн явуулдаг. Жишээлбэл, өглөө ажилдаа ирээд сурагчдыгаа угтдаг. Манай сургууль 4300 хүүхэдтэй. Хоёр нийгмийн ажилтантай. Би ахлах, дунд ангийн 2100 гаруй хүүхдийг хариуцаж, тэдэнтэй хамтарч ажилладаг. Мөн хүүхдийн оролцооны клубүүдтэйгээ хамтран ажиллаж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож байна. Мөн эцэг эх асран хамгаалагч нарт зориулсан хурал, нээлттэй хэлэлцүүлэг уулзалт, өдөрлөгийг зохион байгуулж, оролцож, яриа өрнүүлдэг. Манай сургууль гомдлын менежментийн системтэй. Тиймээс сурагчид, эцэг, эхчүүдийн санал, гомдлыг хүлээн авч, тэр дор нь шийдэх зарчмаар ажилладаг. Энэ бас их давуу тал болж өгдөг.
-Хүүхдүүд таныг өөрөө зорьж ирэх нь хэр түгээмэл вэ?
-Хүүхдүүд маш нээлттэй. Би ч бас залуу хүн болохоор хүүхдүүд өрөөнд ирж бужигнаж, үүд хаалга маань нээлттэй байвал аз жаргал мэдэрдэг. Нийгмийн ажилтны өрөөний хаалгыг бүх хүнд нээлттэй байлгахыг хүсдэг. Амьдрал баялаг болохоор асуудал зөндөөн.Гол нь итгэж ярьж байгаа асуудал бүрийг зөв талаас нь харж буруутгах, зэмлэх гэхээс зөвлөж туслах дуртай.БИД том хүн байж үзсэн. Харин хүүхэд бол үзээгүй. Тийм ч болохоор тэднийхээ нүдээр л асуудлыг харахыг томчууд бид үргэлж хичээх хэрэгтэй.
-Оролцооны клубын талаар хуваалцахгүй юу?
-Манай сургууль оролцооны 13 клубтэй. Хүүхдүүд өөрсдөө эвлэлдэн нэгдэж, сургуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Жишээлбэл, Сурагчдын өөрөө удирдах зөвлөл нь нийгмийн ажилтны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. Өсвөрийн сэргийлэгч клуб нь сургуульд дэг журам мөрдүүлэхэд анхаарах жишээтэй. “Банхар” клуб нь үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг, “Соломон кинг” нь мэтгэлцээн, илтгэх урлагийн чиглэлээр, мэдээлэл харилцааны аюулгүй байдал талаас “Top it solution” клуб, “Salamander”эко клубын сурагчид сургуулийн орчмын мод, цэцэг, навч, эко орчныг арчлах, хамгаалах, “Татах хүч” физикийн шинжлэх ухааны туршилт, судалгаа хийх, ”Сэтгүүлч хүүхэд клуб” сургуулийн мэдээ мэдээлэл, сурталчилгааг хариуцах, сэтгэлзүйн клубын сурагчдад сэтгэлзүйн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх гээд өөр өөрсдийн чиглэл чиглэлээр ажилладаг.
-Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийг үр дүнтэй ажиллуулахад та хэрхэн анхаардаг вэ?
-Сургуулийн 62 ангийн дарга, манлайлах чадвартай 30 сурагч, нийт 93 гишүүнтэйгээр тус зөвлөл үйл ажиллагаа явуулдаг. Жил бүр зохион байгуулдаг “Хүүхдээ сонсъё” өдөрлөгийг гуравдугаар сарын 16-нд хийлээ. Хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдэхийг зорьдог.
-Хамтарсан баг хэрхэн ажилладаг талаар ярилцъя.
-Хамтарсан баг сурагчдад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хорооны нийгмийн ажилтан, эмч, засаг дарга, сургуулийн удирдлага, бүх анги удирдсан багш нар багтдаг. Хүүхдүүдийг эрсдэлд өртөхөөс нь сэргийлж тус баг ажилладаг. Хэрэв хүүхдэд эрсдэл үүссэн бол хамтарсан бага хуралдаж, шат шатны байгууллага буюу хороо, дүүргийн холбогдох байгууллагад ханддаг. Харин дэмжлэгийн баг нь удирдлагын 11 хүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлдөх багт анги удирдсан багш нар, дэмжлэгийн багийн 11 гишүүн ажилладаг. Хамтарсан баг тасралтгүй ажиллаж эрсдэл үүсэхэд биш, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь маш чухал.
-Нийгмийн ажилтнаар ажиллахдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно байж, шударга, ёс зүйтэй ажиллахыг хичээдэг. Хүүхдүүдэд илүү олон зүйлийг нээж, таниулах, хөгжүүлэх, амьдрах ухааны талаар заах дуртай. Хүүхэд хүүхдээ хүмүүжүүлдэг учраас тэднийг илүү оролцоотой байлгая, зөв төлөвшүүлье гэдэг уриан дор ажилладаг. Би зөвхөн зөвлөн тусалдаг. Харин хүүхдүүд маань бүх зүйлийг өөрсдөө гардан хариуцаж хийдэг нь их хөөрхөн.
-Та мэргэжлийнхээ ёс зүйг хэрхэн баримталдаг вэ?
- Оролцооны клубын хүүхдүүд маань сургуулийн хамгийн сайн ёс зүйтэй багшаар намайг тодруулчихсан байсан. Хүүхдүүдэд илүү ойр дотно байдаг болохоор тэгэж санагддаг байх. Багш, нийгмийн ажилтан хүн бол хамгийн ёс зүйтэй байх ёстой учир үүнийг хатуу чанд баримталдаг. Үг, үйлдлээ хянаж, зөв хүн байх талаас үлгэрлэж байх ёстой. Яагаад гэвэл хүүхдүүд биднийг 100 хувь шил мэт харж байдаг.
-Нийгмийн ажилтнаар ажиллахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?
-Залуу хүн учир олон хүндрэл учирдаг. Ар гэртээ анхаарал тавих нь багасаад байгаа. Цалин хөлс, нийгмийн хамгаалал талаасаа нийгмийн ажилтнуудыг нэлээд сайн дэмжиж ажиллах нь их чухал санагддаг. Бусдаар бол сайхан, бас сонирхож хиймээр ажил.
-Та ямар шинэлэг санал санаачилга гаргаж ажиллаж байна вэ?
-Энэ хичээлийн жилээс оролцооны бүх клубүүдийг батламжилж, нээлттэй хаалганы өдөрлөг хийсэн. Хамгийн сүүлд таван клуб байгуулж элсэлтээ авлаа. Үүнд 200 гаруй хүүхдийг шинээр элсүүлж, оролцоотой болгосон байна. Клубын хүүхдүүд фейсбүүк дэх пэйж хуудсаа идэвхтэй ажиллуулж, контент бүтээдэг. Сургуулийн Хүүхэд хөгжлийн өрөөг хамтран тохижуулсан. Энэ жилийг нийгмийн ажилтнуудын дунд “Кейс дээр ажиллах жил” болгож зарласан. Гэр бүлийн хүчирхийлэлд далд байдлаар өртдөг хүүхдүүдтэй түлхүү ажиллах зорилготой. Тиймээс нийгмийн ажилтнууд бүх хүүхдийн эрсдэлийн судалгаанд тулгуурлаж, төлөвлөж ажлаа тодорхойлж байна.
-Хүүхэд хамгаалалд ямар асуудлууд ихэвчлэн тулгамдаж байна вэ?
-Зөндөө бий. Уг нь 1500 хүүхдийн дунд нэг нийгмийн ажилтан ажиллах ёстой. Гэтэл 2100 гаруй хүүхдийг нэг нийгмийн ажилтан хариуцаж байгаа учир тэр болгонд хүрч ажиллахад их хэцүү. Хамтарсан баг, анги удирдсан багш нар сайн дэмждэг учир асуудлыг даван туулдаг. Багаараа ажиллаж байгаа нь хамгийн шилдэг менежмент.
-Эрсдэлтэй нөхцөлд амьдардаг, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хэрхэн анхаардаг вэ?
-Хичээлийн жилийн эхэнд бүх багш нараас эрсдэлийн судалгаа авдаг. Уг судалгаанд анализ дүгнэлт хийгээд хүүхдүүдийг эрсдэлийнх нь түвшнээр ангилдаг. Жишээ нь, энэ хүүхэд гэмт хэрэгт өртөж болзошгүй, эцэг эхийн хараа хяналт сул, амьдралын түвшингээс доогуур өрхийн хүүхдийн судалгаа, эрсдэлд өртөх болзошгүй, цахим орчны донтолтын судалгаа гэх мэт 12 төрлийн судалгаагааг авч ажилладаг.Ер нь нийгмийн ажилтан аливаа асуудлаас урьтаж бүхнийг харах онцгой авьяас, мэдрэмжтэй байх хэрэгтэй.
-Таны ажиллахдаа хамгийн их ашигладаг багаж төхөөрөмж, хэрэгсэл юу вэ?
-Нийгмийн ажилтны пэйж хуудсаа маш сайн ажиллуулж, мэдээлэл өгөхийг зорьж байна. Мөн мэйл хаяг их ашиглаж байна. Компьютер, гар утас хоёр бол хамгийн ойр хэрэглэдэг төхөөрөмж юм уу даа.
-Та өөрийгөө мэргэжил, карьерын хувьд хэрхэн хөгжүүлдэг вэ?
Монголын үйлдвэрчний эвлэлийн Залуучуудын хорооны дэргэдэх Залуучуудын клубыг тэргүүлж ажилладаг. Мөн сургуулийнхаа “Залуу багш нарын клубыг” чиглүүлээд зөвлөөд ажилладаг. Манлайлагч, залуу багш нартайгаа нэгдэж, шинийг санаачлан хэрэгжүүлэхийг зорьдог. Шинэ зүйл болгонд өөрийгөө сорих дуртай. Хамгийн сүүлд жилийн өмнө Боловсролын удирдлагын магистр болсон. Мөн ар гэрээ төвхнүүлээд алдарт ээж болсон.
-Сургуулийн нийгмийн ажилтнуудыг хөгжүүлэх, салбарыг нь дэмжих чиглэлд юу хийгээсэй гэж хүсдэг вэ?
-Нийгмийн ажилтнууд нэгдэн нийлээсэй гэж хүсдэг. Тиймээс нийслэл, дүүргийн нийгмийн ажилтнууд нэгдэн, холбоо байгуулсан нь их зөв зүйл гэж залуу багшийн хувьд харж байна. Нийгмийн ажилтнууд цалин хөлс, урамшуулалын талаар дуугарах нь зүйд нийцнэ. Зарим нийгмийн ажилтны ажиллах нөхцөл хүнд байдаг. Би бол өрөө шийдүүлээд тусдаа тасалгаанд ажиллаж байна. Гэтэл тусдаа өрөө тасалгаагүй нийгмийн ажилтнууд бий. Мөн нийгмийн ажилтнуудын эрх, нийгмийн хамгааллын асуудлыг нь шийдвэрлэж, салбарт чиглэсэн далайцтай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
-Бусад нийгмийн ажилтанд хандаж юу хэлэх вэ?
-Их ачаалал, том асуудал, хүндрэл бэрхшээлийг үл хайхран ажилладаг нийгмийн ажилтнуудаараа бахархдаг. Магтах, сайшаах, зэмлэх зүйл олон бий ч хүүхдүүдийн зүрх сэтгэлийг ойлгож, мэдэрч, тусалж, дэмждэг нийгмийн ажилтнууддаа амжилт хүсье. Нийгмийн ажилтныг харах олон нийтийн өнцөг өөрчлөгдөж байгаа. Хийе гэж зорьсон зүйлээ бүтээх л ёстой. Сургуульд ямар нэгэн эрх зөрчигдөж байвал түүнийг арилгахын төлөө зоригтой ажиллах хэрэгтэй. Нийгмийн ажилтан та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Мянган мянган ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө ямар ч шаардлага тавилгүй ханцуйгаа шамлаад дайрдаг, хүүхдийн эрх үүргийн манаач шиг цаг үргэлж санаа зовж суудаг та бүхэндээ дахин амжилт хүсье.


