Ярилцлага
Б.Уранжаргал: Нийгмийн ажилтны мэргэжил нь хүнээс маш олон төрлийн ур чадвар шаарддаг
2023-03-21

 Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн нийгмийн ажилтан Б.Уранжаргалтай ярилцлаа.

-Та яагаад нийгмийн ажилтан болсон бэ? Энэхүү ажлыг хийх болсон түүхээсээ хуваалцана уу?

-Анх 2003 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн нийгмийн ажлын ангийг төгсөөд 2009 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд магистраа хамгаалсан. Сумандаа ажиллаж амьдраад 19 жил болж байна. Нийгмийн ухаан, монгол хэл, орос хэл гэсэн хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд, нийгмийн ажил гэсэн мэргэжлийн хуваарь сонгосон. Тухайн үед нийгмийн ажил гэсэн мэргэжлийн талаар сайн мэддэггүй байсан учраас маш их эргэлзэж байлаа. Тэр үед аав маань Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт ажиллах боломжтой, хүүхэдтэй харилцдаг сайхан мэргэжил гэж хэлж байсан нь сонгох шалтгаан болсон доо.

-Та ямар ажил үүрэг гүйцэтгэдэг вэ. Нэг өдрийнхөө талаар хуваалцана уу?

-Аль болох өглөөний ээлжээ хүлээж авахын тулд 7:30 гэхэд ажил дээрээ ирсэн байхыг хичээдэг. Өглөөний хамгийн эхний ажил бол ирц авахаас эхэлдэг. Нийгмийн ажилтны дотнын хэдэн “найз” болох хичээл тасалдаг, морь унаад алга болчихдог, янз бүрийн асуудал гаргадаг хүүхдүүд маань ирсэн байна уу гэдгийг шалгана. Хэрэв хичээлдээ ирээгүй бол ар гэртэй нь холбогддог. Мөн нийгмийн ажилтны төлөвлөгөөт ажил гэж бий. Үүний дагуу багш нар, эцэг, эх, хүүхдүүдтэй уулзаж, сургалт зохион байгуулж, чадваржуулах сургалтад хамрагдан, хамтарсан багийн гишүүдтэй ажилладаг. Ер нь сургууль дээрх бүх асуудал нийгмийн ажилтантай холбоотой учраас аль болох бүгдийг нь амжуулахыг хичээдэг.

-Та хийж буй ажлынхаа юунд нь хамгийн дуртай вэ? Юунаас баяр баясал, сэтгэл ханамжийг авдаг вэ?

-Хүүхэдтэй ажиллах нь их гоё шүү дээ. Ямар нэгэн асуудал үүсгэсэн байлаа ч, миний өрөөнд ирж уулзсан ч тэр, өдөрт хэд ч таарсан хамаагүй хүүхдүүдтэйгээ мэндэлдэг. Би ч гэсэн хүүхдүүдээсээ суралцаж, тэдний санаа бодлыг сонсож, үйл ажиллагаандаа тусгадаг. Хүүхдүүд ер нь их гэнэн цагаахан, хар буруу санадаггүй, гоё энергитэй учир их эрч хүч мэдэрдэг.

-Та хийж буй ажлынхаа юунд нь дургүй вэ? Таны ажилд тохиолддог асуудал бэрхшээл нь юу вэ?

-Дургүй гэхээс илүүтэй ажлын сул тал гэж бий. Жишээ нь, нийгмийн ажилтны зохион байгуулж байгаа ямарваа нэгэн ажилд хөшүүрэг болгох үүднээс хүүхдийг тодорхой хэмжээгээр урамшуулах, дэмжлэг үзүүлэхийг боддог. Гэвч төсөв зарцуулах эрх, санхүүгийн эх үүсвэр бага учраас энд тэндээс тусламж гуйх, олон хүнтэй холбогдох шаардлага их үүсдэг. Үүнд маш их хугацаа шаарддаг. Надад төсөв зарцуулах эрх, санхүүгийн тодорхой эх үүсвэр байдаг ч болоосой гэж боддог.   

 

-Сургуулийн нийгмийн ажилтан болохоор сонирхож буй хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Нийгмийн ажилтны мэргэжил нь хүнээс маш олон төрлийн ур чадвар шаарддаг. Олон талд хөрвөж, шат шатны хүмүүс, албан тушаалтнуудтай харилцах шаардлага үүсдэг. Тиймээс харилцааны ур чадвар сайн эзэмших хэрэгтэй. Мөн ажилдаа дурлаж, ажлаасаа сэтгэл ханамж авах хэрэгтэй шүү6

 

Ярилцсан: Цэвэлмаа